Старт-апын тухай тэрбумтан Питер Тиелийн ном гарна
2014 оны 6 сарын 3

Тэрбумтан Питер Тиелийн бичсэн “Zero to One” нэртэй ном ирэх ес дүгээр сард гарахаар болжээ.

Номны дэд гарчиг “Старт-апын тухай тэмдэглэлүүд буюу ирээдүйг хэрхэн бүтээх арга зам”.

Тиел бол анх PayPal компанийг үүсгэн байгуулалцсан хүн. Дараа нь тэр Facebook-т хөрөнгө оруулж, Palantir-ыг байгуулалцсан. Palantir нь одоо 9 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа. Түүнд өөрийн хувийн хөрөнгө оруулалтын сан бий.

Бас тэрээр гоц авъяастай 20 хүүхдэд сургуулиа хаяж старт-апт ажилласных нь төлөө тус бүрт нь 100,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.

Тэр номныхоо гарчгийг тайлбарлахдаа “бид шинэ зүйл бүтээх бүртээ тэгээс нэг хүртлэх алхмыг хийдэг. Ингэж шинийг бүтээх алхам гайхалтай сайхан, үр дүн нь үргэлж шинэлэг, содон байдаг” гэжээ.

Номонд түүний туршлага дээрээс бий болсон хэд хэдэн сонирхолтой санаа байгааг номын албан ёсны веб сайтад дурдсан байна.

Жишээ нь тэр бусдыг дуурайхгүй байхыг залууст захижээ. “Дараачийн Билл Гэйтс үйлдлийн систем хийхгүй. Дараачийн Ларри Пэйж, Сергей Брин нар хайлтын систем хийх ёсгүй. Мөн дараачийн Марк Зукерберг нийгмийн сүлжээ байгуулахгүй нь лавтай. Хэрвээ чи эдгээр хүмүүсийг дуурайж хуулбал, чи тэднээс юу ч сураагүй байна гэсэн үг” гэсэн байна.

Гишүүн сайтууд